Аймгийн ИТХ тогтоол

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ТҮҮХ

Өвөрхангай аймагт байгаль хамаалах байгууллагын үндэс суурь буюу ой хамгаалах байгууллага анх 1930 онд аймгийн захиргааны мал аж ахуйн хэлтсийн дэргэд ойн байцаагч 1, ойн цагдаа 7 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Ойн тасаг” нэртэйгээр байгуулагджээ.


Ой мод, ан амьтныг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, зөв зохистой ашиглах хэрэгцээ өсөн нэмэгдэх тутам ойн байгууллагын үүрэг өндөржиж, ажиллах хүрээ нэмэгдэж 1964 онд “Ойн аж ахуй”, 1979 онд “Ойн агнуурын аж ахуй” болж өргөжсөн. Энэ үед байгаль хамгаалах үйл ажиллагаа нь үндсэндээ ойн сан бүхий нутаг дэвсгэрийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр явагдаж байв.
“Ойн агнуурын аж ахуй” нь 1975 он хүртэл Арвайхээр хотод төвлөрч байгаад мөн оны 06 дугаар сараас Хужирт суманд үйл ажиллагаагаа явуулдаг болсон. “Ойн агнуурын аж ахуй” нь тэр үеийн ханшаар 328.4 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 48 ажиллагсадтай, жилдээ 372.1 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээ.
Агаар, ус, хөрсийг бохирдлоос хамгаалах, ой мод, ургамал, газрын доорх баялгийг шинжлэх ухааны үндэстэй ашиглах, өөрөө нөхөн төлжиж сэргэх чадвартай баялгийн нөхөн сэргэлтийг  тасралтгүй хангах ажилд төрийн хяналтыг нэг удирдлагад төвлөрүүлэх зорилгын үүднээс БНМАУлсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 12 сарын 09-ны өдрийн 169 дүгээр зарлигаар Байгаль орчныг хамгаалах яам, Сайд нарын зөвлөлийн 1987 оны 12 сарын 19-ны өдрийн 347 дугаар тогтоолоор аймаг, хотуудад “Байгаль орчныг хамгаалах газар” тус тус байгуулагдаж байжээ. Дээрх шийдвэртэй холбогдуулан тус аймагт  “Ой, агнуурын аж ахуй” нь “Ус, цаг уур орчны шинжилгээний төв”-тэй нэгдэж “Байгаль орчныг хамгаалах газар” байгуулагдсан. Даргаар Б.Пүрэв, орлогч даргаар Г.Сүхбаатар нар тус тус томилогдсон.
“Байгаль орчныг хамгаалах газар”-ын харъяанд: Хархорин, Бат-Өлзий сумдад “Мод үржүүлгийн газар”, урьдчилан мэдээлэх товчоо, агаар мандлын давхрагыг судлах станц, хөдөө аж ахуй цаг уурын станц, ойн арчилгаа цэвэрлэгээний бригад, орчны бохирдлыг хянах харуул, 18 суманд байгаль орчныг хамгаалах хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байжээ.Тус газар нь ойн аж ахуй, ус цаг уурын газрын материаллаг бааз сууринд тулгуурлан байгаль хамгаалах, ашиглах, зохион байгуулалтын албадыг нэгтгэн байгалийг судлах, нөхөн сэргээх үүрэгтэйгээр зохион байгуулагдаж байжээ.
        1990 онд Байгаль орчныг хамгаалах газраас ”Ой, ангийн аж ахуй” тусдаа гарч даргаар Г.Сүхбаатар улсын байцаагч Ц.Дамдинсүрэн, Ц.Төмөрсүх нар томилогдож, Хархорин, Бат-Өлзий сумдад “Мод үржүүлгийн газар”, Бат-Өлзий суманд Мод бэлтгэлийн бригад, ой бүхий сумдад ой, ан хамгаалагчидтайгаар ажиллаж байв.
        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Засгийн газрын 24 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 1992 оны 10 сарын 08-ны өдрийн 09 дүгээр захирамжаар Байгаль орчныг хамгаалах газрыг Ус, цаг уурын байгууллагаас тусгаарлан аймгийн Засаг даргын тамгын газарт “Байгаль орчны хэлтэс” байгуулж даргаар Ц.Цэрэннямыг томилосон.
         Аймгийн Засаг даргын 1992 оны 10 сарын 12-ны өдрийн 14 дүгээр захирамжаар “Ан агнуурын аж ахуй”-г байгуулж даргаар Р.Мижидсүрэн, Агнуур зүйчээр П.Нямдорж, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтнээр н.Цагаанпүрэв нар томилогдож аймгийн ан олзворын түүхий эд бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг байсан.
        Аймгийн Ардын хурлын Захиргааны 1992 оны 12 сарын 26-ны өдрийн захирамжаар Б.Пүрэвийг “Ус, цаг уур орчны шинжилгээний төв”-ийн даргаар томилсон.
Аймгийн Засаг даргын 1993 оны 05 сарын 25-ны өдрийн захирамжаар Байгаль орчны хэлтэс нь аймгийн ЗДТГазрын “Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэс” болон дахин зохион байгуулагдаж даргаар С.Лхагвадорж, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Ц.Төмөрсүх, Ц.Цэрэнням, Ш.Нарантуяа, Х.Тогоо, Д.Эрдэнэ-Очир, хүнсний мэргэжилтнээр Б.Нарантуяа, Н.Хишигт, хөдөө аж ахуйн мэргэжилтнээр С.Бат-Эрдэнэ, В.Гомбо, С.Гомбо нар ажиллаж байсан.
Аймгийн Засаг даргын 1994 оны 02 сарын 10-ны өдрийн 159 тоот захирамжаар орон нутгийн Захиргааны байгууллага шинэ бүтэц зохион байгуулалтанд шилжсэнтэй холбогдуулан Г.Сүхбаатарыг аймгийн “Ойн ангийн аж ахуйн” даргын үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн “Ойн аж ахуйн” даргаар томилон ажлуулсан.
        1996 онд “Мэргэжлийн хяналтын алба” шинээр байгуулагдаж байгаль орчин, газар, газрын харилцаа, геологи уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, эм био бэлдмэл, барилга, эрчим хүч, худалдаа үйлдвэр үйлчилгээ гэх мэт 12 чиглэлийн хяналт харьяалагдах болж даргаар нь Ц.Төмөрсүх ажиллаж байсан.
2001 онд байгаль орчны хяналтын үйл ажиллагаа нь “Мэргэжлийн хяналтын алба”-аас салж, “Ус цаг уур орчны шинжилгээний төв”-тэй нэгдэж Засаг даргын дэргэдэх “Байгаль орчны алба” нэртэйгээр Монгол улсын Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоолоор аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, бодолгын хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий байгууллага болсон. Даргаар Ц.Цэрэнням, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Г.Баясгалан, Ю.Ганхуяг, К.Жигжидсүрэн нар ажиллаж байсан.
2003 онд байгаль орчны хяналтын үйл ажиллагаа нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт нэгдсэн.
    2003-2008 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах чиглэл бүхий “Байгаль орчны алба” болон зохион байгуулагдаж даргаар Г.Баясгалан, ойн асуудал хариуцсан мэргэжилтнээр Ю.Ганхуяг, усны асуудал хариуцсан мэргэжилтнээр И.Лхагвасүрэн, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр С.Дуламсүрэн нар ажиллаж байсан.
 Засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ны өдрийн 67 дугаар тогтоолоор “Байгаль орчны алба” нь “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” болон өргөжиж даргаар Г.Баясгалан одоог хүртэл ажиллаж байна.
Тус газрын харъяанд аймгийн Засаг даргын 2009 оны 149 тоот захирамжаар Бат-өлзий суманд Сум дундын « Ойн анги » байгуулагдан ойн ангийн дарга, инженер, ойн техникч гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
“Байгаль орчин аялал жуулчлалын газар” нь газрын дарга, Ой нэгжийн дарга, биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, газар, газрын хэвлий, уул уурхай, БОНБҮнэлгээ хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч, бичиг хэргийн эрхлэгч, жолооч, сумдын байгаль хамгаалагчид нийт 31 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 17 зочид онлайн байна